Watch our intro

Аутсорсингийг хөгжүүлэхэд хоёр тэрбум төгрөг зарцуулна

Энэ чиглэлээр эхний ээлжинд 2000 мэргэжилтэнг дотооддоо бэлтгэх аж. УИХ-ын гишүүн З.Энхболд өнөөдөр 12 цагт хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр аутсорсингийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс хоёр тэрбум төгрөг зарцуулах болсныг мэдэгдсэн.

Энэхүү хөрөнгийг өмнө нь Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт хуваарилахаар ярьсан нь Ерөнхий сайдын багцад суулгасан аж. Мөн аутсорсингийг амжилттай хэрэгжүүлснээр монголчууд БНСУ-д хар ажил хийх биш, Японд мэдээллийн технологийн мэргэжилтэн болох гэж оочерлодог болно гэдгийг эрхэм гишүүн дуулгалаа.

Энэхүү технологийг амжилттай нэвтрүүлж, 100 мянган мэргэжилтэн бэлтгэж чадвал мэдээллийн технологийн салбар бие даах бололцоотой болох юм байна.

Аутсорсингийн чиглэлээр эхний ээлжинд 2000 мэргэжилтэн бэлтгэх бөгөөд Японы мэдээллийн технологийн инженерүүд болон тус улсын Гадаадад ажилтан бэлтгэх ассоциацийнхны тусламжтайгаар уг ажлыг хэрэгжүүлэх аж. Дээрх мэргэжилтнүүдийг дотооддоо бэлтгэхээр болжээ.

Мөн улсын төсөвт ангид хэлний багш нарыг 500 мянган төгрөгөөр цалинжуулна. Энэ ажлыг хийх хүсэлтэй хүмүүс эхлээд сертификат авах ёстой гэнэ. Монгол Улсын бүх ерөнхий боловсролын сургуулийг 3,7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр өндөр хурдтай интернэтэд холбох тухай төсөвт тусгасныг З.Энхболд гишүүн бас хэлсэн. Ирэх жилийн зургадугаар сар гэхэд бүх сум шилэн кабельтай болох аж.

Дунд сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад 100 ам.долларын компьютер хуваарилна. Уг ажилд зориулж 10 мянган компьютер бэлгэнд ирж байгаа бол “Дэлхийн зөн” олон улсын байгууллага ийм хэмжээний компьютер худалдаж авах мөнгийг манай улсад өгч, улс өөрөө 10 мянгыг худалдан авч байгаа юм байна. Эрхэм гишүүний хэлж буйгаар манай улсын хүч сул, тархай бутархай байдлыг цэгцлэх хамгийн том хөшүүрэг нь мэдээллийн технологи, интернэт гэнэ.

Эх сурвалж: www.news.mn

 
  2007-12-04